Илгээсэн имэйл ирээгүй гэв үү?


Таны илгээсэн имэйл, эсвэл бизнесийн түншээс тань ирсэн имэйл спам хавтасд орж байсан уу? Статистикийн дагуу интернэт орчинд дамжиж буй имэйлийн 80% нь спам буюу зарын чанартай хэрэггүй мэйл байдаг байна. Үүний үр дүнд, спам сервер талын шүүлт хийдэг программ хангамж, төхөөрөмж илүү сайжирч, тэр ч байтугай бодит жинхэнэ имэйлийг хүртэл заримдаа спам шинжтэй гэж ялгагдсан байдаг. Бүх имэйлээ хүлээн авагч талын inbox хавтасд хүргэхийн тулд хийх зарим нэг алхмууд байдаг. Гэхдээ эхлээд спам шүүгч гэж юу болох, энэ нь хэрхэн ажилладаг талаар хуваалцъя.


Спам филтер гэж юу вэ ?


Спам филтер нь хайлтын системтэй төстэй бөгөөд гаднаас орж ирж байгаа болон гадагш илгээгдэж байгаа бүх мэйлийг шинж тэмдэгээр нь (pattern) шүүгээд хэрвээ сэжигтэй зүйл олдвол тухайн мэйлийг блок хийх, спам эсвэл junk хавтсанд хуваарилах үйлдлүүдийг хийдэг.


Спам филтер хэрхэн ажилладаг вэ ?


Шүүлт хийгддэг мэдээллийг дараах гурван төрөлд хувааж болно.


  • Мэйл хаанаас ирж байгаа
Спамын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад тусгай сүлжээ байдаг бөгөөд үүнийг RBL гэж нэрлэдэг. Спам филтер нь мэйл ирж байгаа серверийн болон мэйл илгээж байгаа хэрэглэгчийн IP - хаягийг тухайн сүлжээнд байгаа зөрчилтэй жагсаалттай тулгаад үнэлгээ өгдөг.

  • Мэйл хэнээс ирж байгаа
    Спам филтер нь и-мэйлийн толгой хэсэгт агуулагдсан мэдэээллийн дагуу жинхэнэ эсвэл хуурамч мэйл эсэхийг шүүдэг. Мэйл бүрт өөрийн гэсэн давтагдашгүй дугаар байдаг бөгөөд энэ дугаар нь спам их хэмжээний масс илгээх үед мэйл бүрт ижилхэн дугаартай агуулагдаж ирдэг байна.
  • Мэйл ямар шинжтэй байгаа
    Спам филтер нь мэйлийн толгой хэсэг (from, to, subject, мэйл серверийн ip хаяг гэх мэт), эх бие хэсэг буюу мэйлийн агуулга, тэр дундаа үгний сонголт зэргийг шүүдэг. Жишээ нь , “buy now”, “lowest price”, “click here”, Мөн чамин HTML мэйлүүд жишээ нь том фонт, анивчдаг текст, тод өнгө гэх мэт үргэлжилнэ. Ихэнх нь spam филтерүүд мэйл агуулагдаж буй бүх үгийг сэжигтэй үгийн толь бичигтэй харьцуулалт хийдэг.
Иймээс Та илгээж байгаа имэйлээ найдвартай хүргэх үүднээс дараах арга хэмжээг авж болно:


  • Мэйлийн толгой хэсэг дээрээ буруу ташаа мэдээлэл хэрэглэхгүй байх
  • Зар сурталчилгааны агуулга бүхий мэйл
  • Хүлээн авагч таны байршлын талаар мэдээлэл авах естой
  • Unsubscribe холбоостой байх
  • Хэт их тусгай тэмдэгт агуулаагүй байх, ялангуяа мэйлийн эхний өгүүлбэрт
  • Бичлэгт олон төрлийн өнгө, фонт ашиглахаас зайлсхийх
  • shortened URL ашиглахгүй байх, жишээ нь : goo.gl, bit.ly, t.co гэх мэт. Эдгээр сайтууд нь таны жинхэнэ холбоосыг нуудаг учраас спам гэж ялгагдах магадлалыг өсгөнө.
  • Хэрвээ та HTML хэлбэрт оруулсан мэйл илгээж байгаа бол энгийн текст хувилбарыг мөн цуг илгээх
  • Интернэт үйлчилгээ үзүүлэгч газраас танд түр зуурын эсвэл өөрчлөгдөхгүй статик IP хаяглалт өгдөг, Энэхүү IP хаяг нь дээр дурдсан RBL жагсаалтанд байвал таны мэйл спам хавтсанд орох болно. Дараах холбоосоор ороод IP хаягийнхаа ямар төлөвт байгааг шалгаарай.
    URL : https://whatismyipaddress.com/blacklist-check
  • Хэрвээ та дан мэйл илгээж байгаа бол дор хаяж хоёр үг оруулсан байх хэрэгтэй
  • .exe, .zip, .swf өргөтгөл бүхий хавсралтуудыг илгээхгүй байх. Харин .jpg, .png, .gif, болон .pdf өргөтгөлтэй файлууд спам фильтрт өртөх нь бага
  • Мэйл илгээхээсээ өмнө Google, Yahoo зэрэг түгээмээл ашиглагддаг газруудын мэйл хаягруу эхлээд илгээж тест хийх
  • SPF, DKIM бичлэг хийгдсэн эсэхийг шалгах
    SPF (Sender Policy Framework) бичлэг нь тухайн домэйн нэрийг ашиглан мэйл илгээж болох серверүүдийн IP хаягуудыг тодорхойлдог. Хэрвээ хэн нэгэн этгээд таны домэйн нэрийг ашиглан хуурамч мэйл илгээсэн тохиолдолд хүлээн авагч тал нь шалгаад SPF бичлэг хэрхэн бичигдсэнээс шалтгааж блоклох, эсвэл спам хавтсанд хуваарилдаг. DKIM (Domain Keys Identified Mail) бичлэг нь криптографийн түлхүүр ашиглан таны домэйн нэрийн өмнөөс спам болон фишинг мэйл илгээхээс урьдчилан сэргийлдэг. Датакомын биенес имэйл, GSuite авч байгаа хэрэглэгчдийн хувьд энэ бичлэгүүд автоматаар хийгдсэн байдаг.